Стивен Сигалын оролцсон Санкт-Петербургийн форумд өөр хэн хэн ирэв?
Р.Күүк, С.Сигал нар Санкт-Петербургийн чуулган дээр. 2026.06.05 © CNN

Стивен Сигалын оролцсон Санкт-Петербургийн форумд өөр хэн хэн ирэв?


   Нэгэн цагт Өрнөдийн орнуудын удирдагчид болон хөрөнгө оруулагчдын хуран цугладаг төв байсан Оросын Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт энэ удаа Америкийн консерватив подкастер Кэндис Оуэнс, АНУ-ын Холбооны засгийн газрын дэргэдэх Урлагийн хорооны дарга Родни Күүк болон Холливүүдийн жүжигчин Стивен Сигал нарын өвөрмөц зочдоор бүл нэмжээ.

   Уг арга хэмжээнд украинчууд оролцоогүй ч өөрсдийгөө байгаа шүү гэдгийг орой руу ортол ойлгуулав. Геополитикийн бодлогоо тунхагладаг Кремлийн нэг гол индэр болох тус чуулга уулзалт лхагва гарагт үүд хаалгаа нээхээс хэдхэн цагийн өмнө Киев Оросын хоёр дахь том хот буюу В.Путины төрсөн нутаг Санкт-Петербургт дроны цохилт өгсөн нь чуулганы уур амьсгалд ихээхэн нөлөөллөө.

   "Путины Давос" хэмээгддэг тус уулзалтад оролцох Өрнөдийн төлөөлөгчдийн тоо ОХУ 2014 онд Крымийг нэгтгэснээс хойш, улмаар 2022 онд Украинд бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш жил ирэх тусам цөөрсөөр ирсэн юм. Энэ жилийн чуулганы хүндэт зочноор Саудын Араб улс оролцож байгаа бөгөөд тус улсын Эрчим хүчний сайд баасан гарагт буюу өнөөдөр В.Путины хамтаар нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөжээ. Мөн Орос улс эдийн засгийн харилцаагаа Дорнод руу чиглүүлж буйн тодорхой дохио болж, БНХАУ-ын дэд дарга Хань Жөн тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын нэгэн комиссын тэргүүн Р.Күүк 2017 оноос хойш тус чуулганд оролцож буй Америкийн анхны албан тушаалтан болж байна. Кремлийн зүгээс түүний айлчлалыг ихээхэн сайшааж, олон жилийн дараа АНУ-аас ирж буй албан ёсны анхны төлөөлөгчдийн тэргүүн хэмээн тодорхойлжээ.

   Р.Күүк лхагва гарагт Оросын төрийн мэдээллийн хэрэгслээр ярихдаа, Орост айлчлах зөвшөөрлийг Д.Трамп болон Төрийн департаментаас авсан гэж мэдэгдсэн боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио лхагва гарагт болсон Сенатын хорооны сонсголын үеэр "Санкт-Петербургийн форумд АНУ-аас албан ёсны төлөөлөгчид оролцож байгаа талаар мэдээлэлгүй байна" гэжээ. Гэсэн хэдий ч Р.Күүк пүрэв гарагт болсон "Орос-АНУ: Соёлын яриа хэлэлцээ" сэдэвт салбар хуралдаанд Америкийн жүжигчин Стивен Сигал, ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова нарын хамт зочин илтгэгчээр оролцов. Тэрбээр үг хэлэхдээ Атланта дахь өөрийн "дача" буюу орос загварын зуслангийн байшингийн зургийг үзэгчид болон хэлэлцүүлэгт оролцогчдод харуулан яриагаа эхлүүлжээ. "Санкт-Петербургт намайг дахин маш халуун дотноор хүлээн авлаа. Энэ танхимд байгаа олон хүн миний хэдэн арван жилийн сайн найзууд бөгөөд би энд тэднийг сонсож, тэднээс суралцахаар ирсэн" хэмээн Р.Күүк хэлэв. Мөн байшингийнхаа зургийг үзүүлэхдээ "Би та бүхэнд суудаг байраа харуулмаар байна. Энэ бол миний Атланта дахь дача юм. Оросын уламжлалт модон архитектурын хэв маягаар баригдсан энэ байшиндаа би маш их дуртай " гэжээ.

   Р.Күүкийн удирддаг хороо Цагаан ордны зүүн жигүүрийн өргөтгөл болон Вашингтон хотод Д.Трампын барихаар төлөвлөж буй Парисын Ялалтын хаалгатай ижил төстэй, 76 метр өндөр дурсгалын цогцолборын төслийг батлах үүрэгтэй бөгөөд тэрбээр эдгээр төслийн дизайны зургуудаас мөн танилцуулсан байна. Москва хотын Архангельское ордон болон Шинэ Иерусалимын хийдийг сэргээн засварлах төсөл дээр ажиллаж байсан Р.Күүк Оросын архитекторч Антон Гликинийг хүү шигээ дотночлон үзэж, хайрлан хүндэлдгээ илэрхийлэв. Хуралдаанд оролцож буй А.Гликин нь Р.Күүкийн удирдлагын дор олон төсөл дээр хамтран ажиллаж байжээ. "Бидний үзэл санаа нэг. Антон бол миний орос ах дүүгээр барахгүй би түүнийг өөрийнхөө хүү шиг санадаг" гэж Р.Күүк хэлжээ. А.Гликин нь Р.Күүкийн үүсгэн байгуулалцсан Уэльсийн хунтайжийн архитектурын хүрээлэнгийн уралдаанд түрүүлснийхээ дараа буюу 1996 онд Атланта хотод босгосон Дэлхийн тамирчдын хөшөөний дизайныг гаргасан юм. А.Гликин саяхан Оросын төрийн мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, Р.Күүк болон түүний охидыг Санкт-Петербургт зочлоход хүлээн авч, төгөлдөр хуураар Оросын ардын дуунууд тоглож өгсөн тухайгаа ярьсан билээ. "Родни хэзээнээсээ Орост элэгтэй хүн. Үнэн алдартны сүм, манай сонгодог суурь соёлд хайртай. Англи соёлыг их таашаадаг ч Оросын соёл түүний хувьд үргэлж нэгдүгээрт байдаг" хэмээн тэрбээр ТАСС агентлагт ярьсан юм.

   Хэлэлцүүлгийн үеэр Украины дайны сэдвийг хөндөөгүй ч Орос дахь Америкийн худалдааны танхимын ерөнхийлөгч Роберт Эйжи хоёр орны хоорондын "үл ойлголцол" болон "үл итгэлцэл" түүхэн дэх хамгийн дээд цэгтээ хүрээд байгааг тэмдэглэв. Р.Эйжи хоёр талын бизнесийн салбарт асар том боломж бийг дурдаад, Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриевтэй сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тэрбум доллараар хэмжигдэх төслүүдийг хэлэлцэж байгааг хэлэв. Гэвч тэрбээр хоёр орны харилцаа сайжрах хүртэл эдгээр төсөл хэрэгжих боломжгүй гэдгийг онцолсон бөгөөд ингэхдээ ОХУ хөрш орон руугаа халдсан нь бизнесийн харилцаанд тээг болж буйг ганц ч удаа дурдсангүй. Мөн Р.Эйжи долоодугаар сарын нэгэнд буюу АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойгоор Орос, Америкийн шилдэг хоккейчдын тоглолтыг Москва хотноо зохион байгуулахаар болсныг зарлав. Хоккейн спортод элэгтэй В.Путин 2025 оны гуравдугаар сард Д.Трамптай утсаар ярихдаа Орос, Америкийн тоглогчдын хооронд тэмцээн зохион байгуулах санал гаргаж байжээ.

   Хэлэлцүүлгийн багт Оросын иргэншилтэй жүжигчин Стивен Сигал мөн байлцав. 2016 онд В.Путин түүнд Оросын паспорт гардуулан өгч байсан бөгөөд хариуд нь Холливүүдийн жүжигчин Орос, Америкийн хооронд гүүр болохыг мөрөөддөгөө хэлсэн юм.

   Энэ жилийн бас нэгэн гэнэтийн зочин бол Америкийн консерватив үзэлт подкастер Кэндис Оуэнс байв. Тэрбээр гэр бүлийн үнэт зүйлсийг сурталчлах өөр нэгэн хэлэлцүүлэгт оролцсон юм. Тус улсад анх удаа зочилж буй тэрбээр нөхөр, хүүхдүүдийнхээ хамт Москвад хэд хонож, жуулчны хувиар авахуулсан зургуудаа цахим орчинд хуваалцсаны дараа Санкт-Петербургийг зорьжээ. К.Оуэнс нь Америкийн консерватив идэвхтэн Чарли Киркийн үхлийн шалтгаанд эргэлздэг, Францын тэргүүн хатагтай Брижит Макроныг эрэгтэй хүн хэмээн үздэгээ зарласан нь ихээхэн маргаан дагуулсан юм. Харин Б.Макрон түүнийг гүтгэлгийн хэргээр шүүхэд өгөөд байгаа билээ. Чуулганы индрээс К.Оуэнс Украинд АНУ-ын үзүүлж буй тусламжийг шүүмжилж, сэтгүүлчдэд "Чухам юунд орж байгаа нь толорхойгүй их мөнгө ийшээ урссаар байгаад америкчууд залхаж байна " гэжээ.

   Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн мэдээллийн хэрэгслээр ярихдаа “Ерөнхийлөгч В.Путин чуулганд оролцож буй Америкийн зочидтой уулзахаар төлөвлөсөн зүйлгүй” гэсэн байна. Үүний зэрэгцээ, эмэгтэйчүүдийг үзэн ядах үзлээрээ цахим орчинд танигдсан нөлөөлөгч Эндрю Тэйт болон түүний дүү Тристан нар энэ долоо хоногт Орост ирснээ олон нийтийн сүлжээгээр зарлажээ. Э.Тэйтийн оруулсан бичлэгт тэднийг Москвагийн нисэх онгоцны буудалд орос үндэсний бүжиг, талх, давстай уламжлалт ёслолоор угтан авч байгаа нь гарсан байна. Гэхдээ ах дүү хоёр эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN агентлаг. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.